Номын баяр хөл бөмбөгийн талбайд боллоо
Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор улс орон даяар зохион байгуулагдсан “Үндэсний бичиг соёл, Номын өдрүүд-2022” үйл ажиллагаа энэ сарын 16-18-ны өдрүүдэд хөлбөмбөгийн талбайд боллоо. Номын үзэсгэлэн худалдаа, Шинэ номын нээлт, “Алтан хонх” тэмцээн, Үндэсний тоглоом наадгайн танилцуулга, Тэргүүний уншигч- Нацагдорж тэмдэгтэн шалгаруулах, Номын сайн нөхөр болзолт уралдаан, Номын санчдын сургалт, ажил мэргэжлийн уралдаан, Номын тухай шилдэг аффоризм, Зуны зугаатай өдөр зохион бичлэгийн уралдаан зэрэг шинэ, содон олон арга хэмжээ нэгэн дор зохион байгуулагдав.
Нийтийн номын сангаас аймгийн ЗДТГ, Соёл, Урлагийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран зохион байгуулж буй номын баярын үйл ажиллагааны нээлтэд 200 гаруй хүүхэд багачууд, номын идэвхтэн уншигчид, орон нутгийн зохиолч, яруу найрагчид, сум, сургуулиудын номын санчид, холбогдох албаны хүмүүс болон Соёлын яамны ахлах мэргэжилтэн Б.Баяраа оролцож байна.
Аймгийн Нийтийн номын сангаас 32 дахь удаагийн номын баярыг угтан уншигчдынхаа дунд зарласан уралдаануудын шагналыг аймаг, орон нутгийн удирдлагууд нээлтийн үеэр гардуулав. Мөн тэд номтой нөхөрлөх, ном уншихын ач тус, үр өгөөжийн талаар яриа өрнүүлж хүн бүрийг номтой ойр байхыг уриалахын зэрэгцээ номын баяр жилээс жилд өргөн дэлгэр болж буйг тодотгож байлаа.
Сүхбаатар аймгийн Түүхэн товчоо” номын нээлт болов
“Үндэсний бичиг соёл, Номын өдрүүд-2022” баярын үеэр ахмад сэтгүүлч, Я.Түмэннастын “Түүхэн товчоо” номын нээлт, танилцуулах үйл ажиллагаа боллоо. Тус ном нь Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд гурав дахь удаагаа хэвлэгдэн гарсан бөгөөд ийнхүү уншигчдын гар дээр очиж байна.
Зургаан бүлэгтэй тус номын анхны боть нь 2008 онд хэвлэгдэж байсан бол үүнээс хойш 2012, 2022 онд ийнхүү нэмж засварлагдаж байгаа нь энэ юм.
Номын дараагийн боть шинээр хэвлэгдэх хүртэлх хугацаанд аймаг орон нутагт өрнөсөн бүтээн байгуулалт, тэмдэглэлт томоохон үйл явдал, салбар салбарын ололт амжилт өөрчлөлтийн талаар мэдээллээ цуглуулж байсан. Түүхэн товчоо номонд хүний тухай бичих л хамгийн хэцүү. Учир нь овог нэрнээс эхлээд цаг хугацаа буруу байж болохгүй. Энэ бол маш том, бүдүүлэг алдаа. Тэр тусмаа хүний овгийг бүтнээр бичих нь хамгийн чухал. Тиймээс нэг хүний овгийг бүтнээр нь олох гэж маш их цаг хугацаа орох нь бий. Номынхоо гурав дахь хэвлэлтэд орсон нэг хүний овгийг бүтэн хоёр сар хайсны эцэст алс холын баруун аймгийн хүнээс олж байх жишээтэй. Номонд мэдээлэл нэмэхээс гадна өмнө нь орсон зүйлээс хасагдах тохиолдол ч гардаг тухай Я.Түмэннаст ярилаа.
Аймаг байгуулагдсан түүхээс эхлээд газар нутаг, байгаль, ан амьтад, сумд, алдар цуутнууд, эдийн засаг, эд баялаг, нийгмийн бүхий л салбарын тухай багтаасан уг ном бол Сүхбаатар аймгийн нэвтэрхий толь бичиг юм гэдгийг аймгийн Засаг дарга М.Идэрбат хэлсэн үгэндээ тодотгоод ахмад сэтгүүлч Я.Түмэннастад баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ. Мөн номыг нэмж засварлахад гар бие оролцсон болон номын садангууд, зарим ахмад настнуудад номын дээжийг гардуулсан юм.
Номын санчдыг чадавхжуулав
32 дахь номын баярын хүрээнд аймгийн Нийтийн номын сангаас сум, сургуулийн номын санчдыг чадавхжуулах нэгдсэн сургалтыг зохион байгууллаа. Тус аймгийн хэмжээнд 13 мөн ЕБС бүр дэргэдээ номын сангийн үйл ажиллагаа явуулж байна.
Сургалтыг “Номын сандын мэргэжлийн боловсролыг дээшлүүлэх нь” сэдвийн хүрээнд Монгол улсын Соёлын яамны ахлах мэргэжилтэн Б.Баяраа, Монгол Улсын Үндэсний номын сангийн арга зүйч В.Түвшинтогтох, ЕБС-ийн номын санчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Оюунбилэг, МУБИС-ын Номын сангийн захирал Ж.Баатарсүрэн нар удирдан явууллаа.
Уншилга, үйлчилгээний үеэр гардаг харицлааны зарим асуудал, Номын сангийн хүний нөөцийн бодлого, Олон нийт болон мэдээллийн технологийн ажлыг хэрхэн хийх, Номын сангийн инноваци ба үйлчилгээний орчинд тавигдах шаардлагууд зэрэг сэдвүүдээр дадлага онолыг хослуулан сургалт, мэдээллээ өгч байна. Соёлын яамнаас соёлын байгууллагуудын үйлчилгэний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Соёлын байгууллага тэр дундаа номын сангийн чанар хүртээмжийг дээшлүлэхэд нэн тэргүүнд номын санчдын харилцаанд анхаарах шаардлага байгаа гэдгийг Монгол Улсын Үндэсний номын сангийн арга зүйч В.Түвшинтогтох хэллээ.
Мөн сургалтын дараа сум, сургуулийн номын санчдыг багт хуваан, ажил мэргэжийн уралдааныг зургаан төрлөөр явуулжээ. Жавхлант шарга баг тэргүүлж, Тэмүүлэл баг хоёрдугаар байрт шалгарсан байна.
Ийнхүү 32 дахь удаагийн номын баяр оролцогч болоод үзэгч сонирхогчдын анхаарал, сонирхлыг татсан өргөн дэлгэр болж өнгөрлөө.